ДӨРВӨН БЭРХ

МОНГОЛ ХӨӨМИЙН ДӨРВӨН МАСТЕР


Уран бүтээлчид:
Нанжидын Сэнгэдорж – дуу, хөөмий, товшуур, цуур
Баатарын Одсүрэн - дуу, хөөмий, товшуур
Дашдоржийн Цэрэндаваа - дуу, хөөмий, товшуур, экэл
Нэргүйн Ганзориг - дуу, хөөмий, товшуур, морин хуур

Монголоор “Дөрвөн бэрх” гэж шагайгаар мэргэлэх тоглоомын нэр, түүний нэгэн төрлийн буултыг хэлдэг ба ховор тохиодог энэ буулт нь аз, сайн сайхан ирээдүйг зөгнөдөг. Харин хөөмийн тухай “Дөрвөн Бэрх” уран бүтээлийн төсөл нь дөрвөн хүн нийгмийн дэвшил рүү урагшлан тэмүүлж байгааг билэгдмүй.

Дөрвөн бэрхээр овоглосон энэхүү уран бүтээлийн төсөл нь тус тусдаа уран бүтээлээ туурвидаг Монголын хамгийн алдар цуутай ахмад хөөмийчдийг нэгтгэн, хөөмийгээр дагнасан тоглолт бэлтгэснээрээ дөрвөн бэрхийн буулт мэт ховор бөгөөд нандин боломжийг хөөмийчдэд төдийгүй үзэгчдэд бий болгосон юм.

Concert intégral au Musée du quai Branly (12/01/2013)
Avec l’aimable autorisation du musée du quai Branly

Уламжлал, шинэчлэлийн зааг дахь хөөмийн ертөнцийг яруу тансгаар илтгэх уг тоглолт нь өгүүлэхүйн эрхтэний шүтэлцээт урлагийн онцгой нэгэн төрөл, нэн ялангуяа хоолойн өнгө, тембрийн урлаг болох хөөмийн олон талыг танин мэдэх гайхалтай боломж юм.  Магтаал, уртын дуу хийгээд богино дууны үлэмж баялаг урын санг товшуур, морин хуур, цуурын хөгөөр илэрхийлэх Дөрвөн Бэрх чуулга нь хөөмийч, МУГЖ Н.Сэнгэдорж, СУИС-ын багш, СТА, нэрт хөөмийч Б.Одсүрэн, алдарт хөөмийч, МУУГЗ Д.Цэрэндаваа, Алтай Хангай хамтлагийн гарамгай хөөмийч Н.Ганзориг нараас бүрэлдэх бөгөөд тэд хөөмийн дотоод уламжлалаараа дамжуулан Барууны үзэгчдийг Монголд аялуулж ирсэн билээ.


Уран бүтээл түгсэн газрууд:

Амфи-Опера (Лион хотын Дуурийн театр), Клод Лэви-Строссын нэрэмжит театр (Кэй Бронли музей), Лилль хотын Дуурийн театр, Нийс хотын Азийн урлагийн музей, Рэннэ хотын Ги Ропарц тайз, Рээв дэл Аборижэн фестиваль, Энд тэндхийн хөгжим фестиваль, Лө Мон хотын Лэ Сулниер тайз, Рэннэ хотын Ла Пениш театр...

танилцуулга

Уран бүтээлийн нээлт: 2007.04.07-08, Улаанбаатар, Уран зургийн галерей

Зохион байгуулагч, продюсер: Нүүдэлчин Зам Холбоо
Уран сайхны удирдлага: Жоанни Кюртэ, Цэнд-Очирын Отгонбаатар
Тайзны гэрэлтүүлгийн уран бүтээл: Жаки Жарри (2009)

Лө Мон хотын Ла Фундри театрын дэмжлэгтэйгээр бүтээв.

Төслийн товч түүх

Монгол хөөмийгээр мэргэшиж, угсаатны хөгжим судлалаар Докторын зэрэг хамгаалсан Франц судлаач Жоанни Кюртэ 2004 оноос хойш Монголд хөөмий, хөөмийчдийн судалгаа хийсэн юм. Хөөмийнд үнэн сэтгэлээсээ дурлах болсон тэрээр менежер Отгонбаатарын хамт 2007 онд урьд хожид хийгдэж байгаагүй хөөмийн нэгэн тоглолтыг Улаанбаатарт зохион байгуулсан нь 2007 оны 4 дүгээр сарын 7, 8-нд Монголын Уран Зургийн галлерейд мэндэлсэн Дөрвөн Бэрх төсөл билээ. Нүүдэлчин Зам Холбооноос зохион байгуулсан энэ төсөл нь Монгол-Францын төв, Глобал Дизайн компани, Чандмань сумын ЗДТГ, Ховд аймгийн ЗДТГ болон Ховд аймгийн Хөгжимт драмын театрын тусламжтайгаар биелэлээ олсон юм. Ихээхэн амжилт дагуулсан энэ тоглолтын дараа Францад 2009 оны хавар, зун хоёр удаагийн аялан тоглолт зохион байгуулагдсан ба Лө Мон хотын Ла Фундри театрт байрлан, гэрэлтүүлэгч Ж.Жарри тоглолтод зориулан тусгай гэрэлтүүлгэн уран бүтээл бэлтгэн толилуулж байв.

Францад болсон аялан тоглолтын дараа хөөмийчид ахин хамтарч ажиллах өндөр хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэний дагуу Нүүдэлчин Зам Холбоо Дөрвөн Бэрх аялан тоглолтыг 2013 онд дахин зохион байгуулав. Энэ тоглолт нь Нидерландын Пан Рекордс лэйбэлээс Этник Сэрис цувралынхаа хүрээнд 2010 оны 2-р сард гаргасан Дөрвөн Бэрх CD цомгийг танилцуулснаараа онцлогтой.


Дашрамд дурдахад, Монгол-Францын хооронд хийгдсэн уран бүтээлийн аялалууд, угсаатны хөгжим судлаач-шавь, Монгол хөөмийн багш нарын хоорондын хувь хүний харилцаа болон Дөрвөн Бэрх төсөл хэрхэн бий болж байгаа тухай Францын кино найруулагч Жон-Франсуа Кастэлл 2010 онд "Хөөмийн эзэд" баримтат киног бүтээсэн билээ.

Уран бүтээлчдийн намтар

Нанжидын Сэнгэдорж

Сэнгэдорж 1948 оны хулгана жил Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, Ховд хотод амьдардаг. Тэрээр 1975 оноос хойш Ховд хотод суурьшиж, аймгийн Хөгжимт драмын театрт тайзны зохион байгуулагчаас эхлээд тайз чимэглээч, жижигчин, хөөмийч гээд бүх албыг хаагаад, эцэст нь театрын даргаар ажиллаж байгаад 2009 онд тэтгэвэртээ гарсан.

Тэр 6 настайгаасаа эхлэн малын захад нутгийн ахмад хөөмийчдийг, тэр дундаа алдарт хөөмийч Сундуйг дуурайн хөөмийлж сурсан ба улмаар Ховдын театрт Сундуйн орон тоог залган ажилласан байна. Сэнгэдорж бол Сундуйн дараа Монгол Улсын Гавъяат Жүжигчин цол хүртсэн хоёр дахь хөөмийч юм. Тэрээр мөн сүүлийн 20-иод жилд Монгол хөөмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн тоонд ордог.

Сэнгэдорж 1980-аад оноос Франц, Герман, Их Британи, АНУ, ОХУ, Япон, Солонгос, Казахстан гээд дэлхий даяар аялан тоглож байна. Тэр хархираа, хамрын хархираа, Алтайн шингэн хөөмий гэсэн гурван төрлөөр хөөмийлдэг ба өөрийн гэсэн хөөмийн хэв маягаа "баритон хөөмий" гэж нэрлэдэг. Сэнгэдорж хөөмийлэхийн сацуу цацал товшуур тоглож, Алтай нутгийн нэн ховор хөгжмийн зэмсэг болох цуур үлээдэг. Тэрээр цуур тоглохыг Монголын давтагдашгүй цуурч Наранцогтоос сурсан байна. Сэнгэдорж гэртээ цөөн тооны хүмүүст хөөмий заадаг.


Ж.Ф.Кастэллийн бүтээсэн « Хөөмийн Эзэд » баримтат киноны бонус видео (2010)

Цомог зүй

  • Mongolie: Musique et chants de l'Altai 
    Монгол: Алтай нутгийн дуу хөгжим
    (Orstom-Selaf Ceto 811, 1986, Парис)
  • Jargalant Altai. Xoomii and other vocal and instrumental music from Mongolia
    Жаргалант Алтай. Монголын хөөмий ба бусад аман болон зэмсгийн дуу хөгжим
    (Pan Records Pan 2050CD, 1996, Нидерланд)
  • The spirit of the steppes: Throat-singing from Tuva and beyond
    Талын онгод: Тува болон бусад газрын хөөмий
    (Nascente NSCD 058, 2000, Лондон)
  • Mongol Nutgiin Calxi
    Монгол нутгийн салхи
    (MOCN-0102, 2001, Япон)
  • Tungalag Buyant
    Тунгалаг Буянт
    (MOCN-0202, 2002, Япон)
  • Dörvön Berkh, Four Shagai Bones, Masters of Mongolian Overtone Singing
    Дөрвөн Бэрх, Монгол хөөмийн мастерууд
    (Нүүдэлчин Зам Холбоо, Pan Records, Pan, Leiden: Ethnic Series, 2010)

Дашдоржийн Цэрэндаваа

1954 оны хулгана жил Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, одоо ч нутагтаа амьдарч буй Цэрэндаваа нь малчны ахуйгаа мэргэжлийн хөөмийтэй хослуулж яваа цөөхөн хөөмийчдийн нэг юм. Тэрээр 6 настайгаасаа эхлэн нутаг нугынхаа ахмадуудыг дуурайн хөөмий оролдсоор сурсан ба түүний үлгэр дуурайл болсон хүмүүс бол Махан Чулуун, Өлмийбат, Маргад, Сундуй, Цэдээ нар юм. Цэрэндаваа 24 настайгаасаа эхлэн хөөмийгээр мэргэшин ажиллаж иржээ. 1980-аад оноос хойш тэр Франц, Их Британи, Герман, Португаль, АНУ, Япон, ОХУ, Хятад гээд олон улс оронд хөөмийн тоглолт хийсэн байна. Тэрээр Сэнгэдорж, Одсүрэн нарын хамтаар Социализмын үед Монголд хөөмийг түгээн дэлгэрүүлэх болон хөгжүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулсан гол хүмүүсийн тоонд ордог.  Хөөмийн урлагийн хөгжилд түүний оруулсан нэг том хувь нэмэр бол өөрийнх нь үүсгэн бий болгосон хосмолжин хөөмий юм. Энэ нь уртын дууны үг, аяыг хөөмийлэн дуулах арга барил болно.

Цэрэндаваа уруулын хөөмий, тагнайн хөөмий, багалзуурын хөөмий, хамрын хөөмий, цээжний хөндийн хөөмий, харгиа хөөмийнээс гадна хосмолжин хөөмий гэсэн долоон төрлийн аргаар хөөмийлэхийн зэрэгцээ товшуур, морин хуур, экэл тоглодог. Бусад олон малчны адил тэрээр ардын уламжлалт баяр ёслолд өргөн дуулагддаг уртын дуу бас дуулдаг. Цэрэндаваа хөөмийн уламжлалаа өөрийн хүү Цогтгэрэл, Хаш-Эрдэнэ нарт өвлүүлсэн ба тэд хоёулаа хөөмийгээр мэргэшин замнаж байна. Цэрэндаваа мөн ойр дотныхон, нутгийн багачууд болон хөөмийг сонирхсон дотоод гадаадын хэн бүхэнд заан сургасаар ирсэн билээ.

Цомог зүй

  • Music and Song of Mongolian folk tradition (various artists)
    Монгол ардын уламжлалт дуу хөгжим (олон уран бүтээлчид)
    (Grem G7511, Saint Mandé: Grem, coll. Discovering the World Through Sounds, 1986).
  • Mongolia, Living music of the steppes, instrumental music and song from Mongolia
    Монгол, Талын амьд дуу хөгжим, Монголын хөгжмийн зэмсэг, дуу
    (Multicultural Media MCM 3001, JVC 1997, Япон)
  • Jargalant Altaï « khöömei and other vocal and instrumental music from Mongolia »
    Жаргалант Алтай "Хөөмий болон Монголын бусад дуу, хөгжмийн зэмсэг"
    Pan Records PAN 2050CD Ethnic series
    1994 оны 9, 10 сард Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн архиваас авч бичлэгт оруулсан эмхэтгэл (1960 -1991 оны хооронд хийгдсэн бичлэгүүд)
  • Chandman’Song « traditional Mongolian melodies sung in Khoomii (overtone singing) »
    Чандманийн Дуу "Хөөмийгээр илэрхийлсэн Монгол ардын дуунууд"
    Amina Records TS001
    (Монголын Чандманьд 2000 оны 9 сард хийсэн бичлэг)
  • Music and song of Mongolia Live at Cambridge, England (various artists)
    Кэмбриджэд хийсэн Монгол дуу хөгжмийн амьд тоглолт (олон уран бүтээлчид)
    Хуурцаг Global Arts GA1
    (1988 оны 8 сарын 5-нд хийсэн бичлэг)
  • Music from Mongolia, Live at the Asia Society, New York, USA (various artists)
    Монгол хөгжим, Азийн Нийгэмлэгт хийсэн амьд тоглолт, Нью-Йорк, АНУ (олон уран бүтээлчид)
    (1987 оны 10 сарын 7-нд хийсэн бичлэг)
  • Mongol Music (various artists)
    Монгол хөгжим (олон уран бүтээлчид)
    (Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн хуурцаг)
  • Tserendavaa et Tsogtgerel : Chant diphonique de l’Altai Mongol
    Цэрэндаваа ба Цогтгэрэл: Монгол Алтайн Хөөмий
    Нүүдэлчин Зам Холбоо, 2006 (400 хувийн хязгаартай хэвлэгдээд, дууссан)
  • Tserendavaa & Tsogtgerel, Xoer Altai (chants diphoniques de l'Altai Mongol)
    Цэрэндаваа ба Цогтгэрэл, Хоёр Алтай (Монгол Алтайн Хөөмий)
    16 нэр хөгжим бүхий CD болон 2006 оны  Лэз Ориентал Фестивальд тоглосон нэмэлт 9 нэр хөгжимтэй DVD
    Нүүдэлчин Зам Холбоо, Бюда Мюзик, 2007 (Франц Юниверсалаар түгээгдэж байна)
  • Dörvön Berkh, Four Shagai Bones, Masters of Mongolian Overtone Singing
    Дөрвөн Бэрх, Монгол хөөмийн мастерууд
    (Нүүдэлчин Зам Холбоо, Pan Records, Pan, Leiden: Ethnic Series, 2010)

Баатарын Одсүрэн

Одсүрэн 1949 оны үхэр жил Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, Улаанбаатар хотод амьдардаг. Хүүхэд байхдаа нутгийнхаа Мягмар гэдэг хүнээс хөөмий сонсч, оролдож эхэлсэн ба 1981 оноос эхлэн туульч, магтаалч Жанцанчойд шавь орж, магтаал, тууль сурч эхэлсэн тэрээр 1980-аад оны сүүлээс хөөмий заах болжээ. Одсүрэн хөөмийн сургалтыг Монголын дээд боловсролын тогтолцоонд оруулж анхлан заасан хүн юм. Хэдийгээр хөөмийгээр багшлах нь түүний гол ажил боловч, тэрээр Франц, АНУ, ОХУ, Япон зэрэг хэд хэдэн оронд очиж гоцлохоос гадна бусад хөгжимчидтэй хамтран хөөмийлж байсан.

Одсүрэн харгиа хөөмий, гилсэн хөөмий, цуурай хөөмий, үелзсэн цуурай хөөмий, шулуун цуурай хөөмий, хамрын цуурай хөөмий, доргио хөөмий, хэрхэрээ хөөмий, исгэрээ хөөмий, дангилдах хөөмий, дошгираа хөөмий, хосмолжин хөөмий зэрэг 12 аргаар хөөмийлдэг ба экэл, товшуур, аман болон төмөр хуур тус тус тоглодог.

Монгол Улсын Их Сургууль, Соёл Урлагийн Их Сургуульд хөөмийгээр багшилдаг тэрээр Буриад, Өвөр Монгол зэрэг оронд очиж хөөмий заахаас гадна олон улсын аялан тоглолтуудын үеэр хөөмийн сургалт хийдэг болно.  Одсүрэн бол хөөмийн урлагийг эмэгтэйчүүдэд анхлан заасан хүмүүсийн нэг юм.

Кино зүй

Les bardes de Gengis Khan
Чингэс Хааны туульчид
(Найруулагч Nadine Assoune Lewy, La Huit production ба Audiovisuel Muzzik-ын хамтын бүтээл, 52мин,  өнгөт, 1998, Франц).

Цомог зүй

Dörvön Berkh, Four Shagai Bones, Masters of Mongolian Overtone Singing
Дөрвөн Бэрх, Монгол хөөмийн мастерууд
(Нүүдэлчин Зам Холбоо, Pan Records, Pan, Leiden: Ethnic Series, 2010)

Нэргүйн Ганзориг

Ганзориг 1974 оны бар жил Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод төрсөн, Улаанбаатар хотод амьдардаг. Тэрээр хүүхэд байхдаа сургуулийнхаа дугуйланд морин хуур анхлан сураад, дараа нь радиогоор эгшиглэх Сундуй, Ганболд зэрэг хөөмийчдийн бичлэгүүдийг сонсч, чадах чинээгээрээ дуурайн оролдсоор хөөмийг бие даан сурчээ. Хөөмийн гол хоёр төрөл болох хархираа, исгэрээг эзэмшсэний дараа Ганзориг магтаал хэлэхэд мэргэшсэн ба тун удалгүй Монгол ардын дуунд тулгуурлан өөрийн магтаалуудыг зохиож эхэлсэн байна. Тэр уруулын хөөмий, багалзуурын хөөмий, хамрын хөөмий, хархираа хөөмийгээр хөөмийлэхээс гадна морин хуур, товшуур, хулсан хуур болон цуур тоглодог.

Зүүнхараагийн чуулгад үе үе ажилладаг тэрээр 1996 онд Алтай-Хангай хамтлагийг байгуулж, уран бүтээл туурвиж эхэлсэн нь  түүнд гадаадад тоглолт хийх боломж нээж өгсөн байна. Тухайлбал, тэд Германд 4 жил, Нидерландад 3 жил оршин сууж уран бүтээл туурвисан ба Франц, АНУ, Швейцарь, Австри, Морокко зэрэг орнуудад явж тоглолт хийсэн. Шинэ үеийн гарамгай сайн хөөмийчдийн төлөөлөл болсон хөөмийч Ганзориг Монгол, Тува хөөмийн арга барилуудыг гайхалтай хослуулан хөөмийлэхийн сацуу олон төрлийн магтаал зохиодгоороо онцлогтой.


Ж.Ф.Кастэллийн бүтээсэн « Хөөмийн Эзэд » баримтат киноны бонус видео (2010)

Цомог зүй

  • Gone with the Wind, Songs of Mongolian steppes
    Салхиар туугдагсад, Монголын талын дуунууд
    (Window to Europe WTE CD 002, 1998, Нидерланд)
  • Naariits Biilye, Let's Dance. Mongolian khuuryn tatlaga
    Наарыш бийлэе. Монгол хуурын татлага
    (Pan Records Pan 2061CD Ethnic Series цуврал, 1999, Paradox, Нидерланд)
  • Melodious Tree
    Эгшиглэнт мод
    (Бие даан гаргасан цомог, AKA09001, 2000, Франц)
  • Naadam
    Наадам
    (Бие даан гаргасан цомог, 2006, Улаанбаатар, Монгол)
  • Dörvön Berkh, Four Shagai Bones, Masters of Mongolian Overtone Singing
    Дөрвөн Бэрх, Монгол хөөмийн мастерууд
    (Нүүдэлчин Зам Холбоо, Pan Records, Pan, Leiden: Ethnic Series, 2010)
  • Ongod
    Онгод
    (860240, Paris : Buda Musique/Full Rhizome, 2013)
  • Khuumei, magtaalchi Ganzorig N.
    Хөөмий, магтаалч Н. Ганзориг
    (Бие даан гаргасан цомог, 2014, Улаанбаатар, Монгол)


Текст : Жоанни Кюртэ